Мэдээлэл

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хууль, хүчний байгууллагын удирдлагуудтай уулзлаа

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Батлан хамгаалахын сайд, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Нарийн бичгийн дарга, Зэвсэгт хүчний жанжин штаб, Тагнуулын ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газрын дарга нарыг оролцуулан мэдээлэл хийж, санал солилцон, үүрэг даалгавар өглөө.  

Уулзалтын эхэнд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг энэ сарын 13-14-нд шилжих шөнө Франц улсын Парис хотноо зэвсэгт халдлага, террорист үйл ажиллагаа болж, 150 гаруй хүний амь эрсэдсэн эмгэнэлт үйл явдалтай холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс Францын ард түмэн, Францын Засгийн газарт гүн эмгэнэл илэрхийлье гэлээ.

Тэрээр ардчилсан нийгмийн нэг онцлог бол асуудлыг тайван замаар шийдэж байх ёстой. Ямар нэгэн асуудлыг хүчирхийллийн аргаар шийдэх  нь бидний хувьд хүлээж авах боломжгүй зарчим гэдэг ойлголт руу нийгмийн сэтгэл зүйг чиглүүлэх шаардлага гарч байна. Олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, цахим ертөнцөд хүчирхийлэлд уриалан дуудаж байгаа, терроризмын энэ чиглэлийн үйл ажиллагаа руу турхирсан зүйлүүдийг нийгэм хүлээж авдаггүй, газар дээр нь үндсээр нь устгадаг  нийгмийн сэтгэл зүй рүү орох зайлшгүй шаардлага байна. Хүчирхийлэлд уриалан дуудах, хүчирхийлэл рүү нийгмийг турхирах нь эх орноосоо урвасан гэмт хэрэг гэж хууль ёс өндөр хөгжсөн орнуудад үздэг учраас бид энэ чиглэлд анхаарлаа хандуулах ёстой. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд хандаж хүчирхийллийн эсрэг аян өрнүүлэх шаардлагатай байна. Хууль хүчний байгууллагууд өөрсдөөсөө шалтгаалах хууль, журмын шинэ эрх зүйн орчин бүрдүүлэх тал дээр ажиллана. Нийгмийн сэтгэл зүй гэдэг бол аль нэг улс төрийн хүчний юм уу улс төрийн асуудал биш, улс үндэстний, улс эх орны асуудал гэж харж байна гэлээ.

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Нарийн бичгийн дарга Ц.Энхтүвшин Аюулгүй байдлын салбарын удирдлагын олон улсын дээд хэмжээний 5-р уулзалтанд оролцлоо

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Нарийн бичгийн дарга Ц.Энхтүвшин ОХУ-ын Татарстан  улсын нийслэл Казань хотод болсон Аюулгүй байдлын салбарын удирдлагын олон улсын дээд хэмжээний 5-р уулзалтанд оролцлоо. Тус уулзалтыг ОХУ-ын Аюулгүй байдлын зөвлөл зохион байгуулсан бөгөөд үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт бүлэглэлүүдийн хар тамхи, иргэдийн хууль бус шилжилт хөдөлгөөний гэмт хэрэгтэй тэмцэх, орчин үеийн шинжлэх ухаан, технологийн дэвшилтэт шинэ салбар болох ”нийлэг биологи” /synthetic biology/-ийн эрсдэлийн тухай асуудлуудыг хэлэлцэв. 

Олон улсын уулзалтын үеэр Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Нарийн бичгийн дарга Ц.Энхтүвшин ОХУ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Н.П.Патрушев болон БНХАУ-ын Коммунист намын Төв хорооны улс төрийн товчооны гишүүн, Төв хорооны улс төр, хууль зүйн хорооны нарийн бичгийн дарга Мэн Зяньжутэй тус тус уулзаж бүс нутгийн аюулгүй байдал, хоёр талын болон олон талын хамтын ажиллагааны тухай санал  солилцсон болно. Мөн тус уулзалтанд оролцсон Филиппин, Киргизстан улсын төлөөлөгчидтэй уулзаж аюулгүй байдлын салбарын хамтын ажиллагааны талаар ярилцсан байна. 

ОХУ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн Нарийн бичгийн дарга Н.П.Патрушев манай улсад албан ёсны айлчлал хийв.

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Нарийн бичгийн дарга Ц.Энхтүвшингийн урилгаар ОХУ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн Нарийн бичгийн дарга Н.П.Патрушев манай улсад албан ёсны айлчлал хийв. Айлчлалын хүрээнд Н.П.Патрушев Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Н.Алтанхуяг нарт бараалхав. Үүний дараа Ц.Энхтүвшин, Н.П.Патрушев нар албан ёсны хэлэлцээ хийж хоёр улсын стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэх, үндэсний аюулгүй байдлыг хангах салбарт хамтын ажиллагааг бэхжүүлэх тухай ярилцаж, олон улсын болон бүс нутгийн зарим асуудлаар санал солилцсон байна.