ҮНДЭСНИЙ ЭВ НЭГДЭЛ, ЯЗГУУР АШИГ СОНИРХЛЫГ ДЭЭДЛЭН БЭХЖҮҮЛЭХ ТУХАЙ ЗӨВЛӨМЖ

Үндэсний аюулгүй байдлын зөвлөл 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хуралдаж үндэсний эв нэгдэл, язгуур ашиг сонирхлыг дээдлэн бэхжүүлэх тухай зөвлөмж гаргав.

http://nsc.gov.mn/sites/default/files/1.pdf

ҮАБЗ-ИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Ц.ЭНХТҮВШИН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ДЭЭД АЛБАН ТУШААЛТНЫ ОЛОН УЛСЫН VIII УУЛЗАЛТАД ОРОЛЦОВ

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Нарийн бичгийн дарга Ц.Энхтүвшин 2017 оны 5 дугаар сарын 22-26-нд ОХУ-ын Тверь мужид ОХУ-ын Аюулгүйн зөвлөлөөс зохион байгуулсан Аюулгүй байдлын асуудал эрхэлсэн дээд албан тушаалтны олон улсын VIII уулзалтад оролцов. Монголын талаас тус уулзалтад Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, дэслэгч генерал Д.Даваа, Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаа, тус ЭСЯ-ны хоёрдугаар нарийн бичгийн дарга Ц.Ганболд, ҮАБЗ-ийн Ажлын албаны референт Л.Болдбаатар нар оролцов.

Уулзалтад нийт 95 орны төлөөлөгч оролцож, нэгдсэн хуралдаан, дугуй ширээний ярилцлага, хоёр талын уулзалтууд гэсэн хэлбэрээр явагдав. Нэгдсэн хуралдаанд “Олон улсын мэдээллийн аюулгүй байдлыг хангах арга зам ба орчин үеийн технологийн үүрэг оролцоо”, “Улс дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх олон улсын үйл ажиллагааны үндсэн чиглэлүүд” гэсэн үндсэн хоёр чиглэлээр үндсэн болон хавсралт илтгэлүүдийг тавьж хэлэлцүүлэв. Нарийн бичгийн дарга Ц.Энхтүвшин хоёрдугаар хэлэлцэх асуудлын хүрээнд “Улс дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх олон улсын хамтын ажиллагаа” сэдвээр үг хэлж, “өнгөт хувьсгал”-ын асуудлаар болсон дугуй ширээний ярилцлагад оролцов.

Тус уузалтын хүрээнд Зөвлөлийн Нарийн бичгийн дарга Ц.Энхтүвшин ОХУ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн Нарийн бичгийн дарга Н.П.Патрушев, Хятадын Коммунист намын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Төв хорооны улс төр, хууль зүйн хорооны Нарийн бичгийн дарга Мэн Зяньжу нартай уулзаж, хоёр талын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.

ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга Ц.Энхтүвшин ОХУ-д айлчлал хийв

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Нарийн бичгийн дарга Ц.Энхтүвшин Оросын Холбооны Улсын Аюулгүй байдлын зөвлөлийн Нарийн бичгийн дарга Н.П.Патрушевын урилгаар 2017 оны 2 дугаар сарын 6-8-ны өдрүүдэд ОХУ-д ажлын айлчлал хийв.

Айлчлалын хүрээнд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Нарийн бичгийн дарга Ц.Энхтүвшин ОХУ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн Нарийн бичгийн дарга Н.П.Патрушевтай 2017 оны 2 дугаар сарын 8-ны өдөр уулзаж, терроризмтай тэмцэх, “өнгөт хувьсгал”-аас урьдчилан сэргийлэх, хоёр орны үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй байгууллага хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх болон бүс нутгийн аюулгүй байдлын асуудлаар санал солилцож, харилцан ярилцав. Уулзалтад Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаа, Тагнуулын ерөнхий газрын дарга Б.Хурц нар байлцав.

 

Хоёр талын хамтын ажиллагааны чиглэлээр монголын талаас дэвшүүлсэн санал, санаачилгыг ОХУ-ын тал дэмжиж, хэрэгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана гэдгийг Аюулгүй байдлын зөвлөлийн Нарийн бичгийн дарга Н.П.Патрушев мэдэгдэв. Түүнчлэн ноён Н.П.Патрушев Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Нарийн бичгийн дарга Ц.Энхтүвшинг энэ оны тавдугаар сард ОХУ-ын Тверь хотноо зохиогдох Аюулгүй байдлыг хангах үүрэг бүхий байгууллагын өндөр, дээд албан тушаалтны олон улсын чуулга уулзалтад оролцохыг урив.

ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЗӨВЛӨЛИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Ц.ЭНХТҮВШИН ОЛОН УЛСЫН ЧУУЛГА УУЛЗАЛТАД ОРОЛЦОВ

     Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Ц.Энхтүвшин  тэргүүтэй, Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаа нарын бүрэлдэхүүнтэй Монгол Улсын төлөөлөгчид ОХУ-ын Бүгд Найрамдах Чечен Улсын нийслэл Грозный хотноо энэ оны 5 дугаар сарын 23-25-ны өдрүүдэд зохиогдсон Аюулгүй байдлыг хангах үүрэг бүхий байгууллагын өндөр, дээд албан тушаалтны олон улсын 7 дугаар чуулга уулзалтад оролцов.
    Чуулга уулзалтын үеэр Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Нарийн бичгийн дарга Ц.Энхтүвшин ОХУ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Н.П.Патрушев, БНХАУ-ын Коммунист намын Төв хорооны “улс төрийн” товчооны гишүүн, Төв хорооны улс төр, хууль зүйн хорооны нарийн бичгийн дарга Мэн Зяньжу, БНСВУ-ын Нийгмийн аюулгүй байдлын сайд То Лам болон Энэтхэг, Израилийн төлөөлөгчидтэй тус тус уулзаж, хоёр талын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.
    Мөн ОХУ-ын Бүгд Найрамдах Чечен Улсын Тэргүүн Р.А.Кадыров Монгол Улсын төлөөлөгчдөд хүндэтгэл үзүүлэн хүлээн авч уулзав.
    Энэ удаагийн уулзалтад 70 гаруй орны төлөөлөгчид оролцсон бөгөөд  олон улсын аюулгүй байдлын тулгамдсан асуудлууд болох терроризм, хууль бус шилжилт хөдөлгөөн, мэдээллийн аюулгүй байдлыг онцлон анхаарч хэлэлцэв.