ҮАБЗ-ийн Нарийн бичгийн дарга ОХУ, НАТО-гийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Нарийн бичгийн дарга Ц. Энхтүвшин ОХУ-ын Цэрэг-техникийн хамтын ажиллагааны холбооны албаны орлогч захирал В.Н.Дрожжов тэргүүтэй төлөөлөгчдийг 2015 оны 9 дүгээр сарын 16-нд,  НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч, Элчин сайд Александр Вершбоу тэргүүтэй төлөөлөгчдийг 2015 оны 9 дүгээр сарын 17-ны өдрүүдэд тус тус хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр Аюулгүй байдлын салбар дахь хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцож, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц. Элбэгдоржийн санаачилсан Монгол Улсын байнга төвийг сахих статусын талаар танилцуулав. 

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралдаан болов

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл энэ сарын 8-ны өдөр хуралдаж Монгол Улс байнга төвийг сахих тухай Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилгыг хэлэлцээд дэмжин хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзэж зөвлөмж гаргав.

Уг шийдвэрээр “Монгол Улс байнга төвийг сахих тухай хууль”-ийн төслийг санаачлан боловсруулахыг Монгол Улсын Ерөнхийлөгчид, Монгол Улсын байнга төвийг сахих статусыг дэмжиж, эрх зүйн үндсийг нь бүрдүүлэхийг УИХ-д, Монгол Улсын байнга төвийг сахих статусыг тунхаглаж тогтоол гаргах, бусад улс, олон улсын байгууллагаар дэмжүүлж, хүлээн зөвшөөрүүлэх арга хэмжээ авахыг Засгийн газарт тус тус зөвлөмж болгожээ.

Монгол Улс энхийг эрхэмлэсэн, олон тулгуурт, тэнцвэртэй гадаад бодлого явуулах, улс орноо улс төр, дипломатын аргаар батлан хамгаалах зорилтын үүднээс төвийг сахих чиглэлээр явуулж ирсэн бодлого, үйл ажиллагаагаа хэлбэржүүлж тунхаглах нь зүйтэй гэж ҮАБЗ үзсэн байна.

Төвийг сахих бодлогын үндсэн зарчмууд Монгол Улсын Үндсэн хууль, Гадаадын цэргийн хүчнийг байрлуулах, дамжин өнгөрүүлэх тухай хууль, Цөмийн зэвсгээс ангид байх тухай хууль, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Гадаад бодлогын үзэл баримтлал, Төрийн цэргийн бодлогын үндэс зэрэгт туссан нь Монгол Улс байнга төвийг сахих статусаа тунхаглах эрх зүйн болон бодлогын үндэслэл болж байгаа юм.

 

Япон Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ерөнхий нарийн бичгийн дарга Монгол Улсад айлчлав

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Нарийн бичгийн дарга Ц.Энхтүвшингийн урилгаар Япон Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ерөнхий нарийн бичгийн дарга Шотаро Ячи тэргүүтэй төлөөлөгчид 2015 оны 07 дугаар сарын 18-20-ны хооронд Монгол Улсад албан ёсны айлчлал хийлээ.  

Шотаро Ячи айлчлалынхаа үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт бараалхаж, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Нарийн бичгийн дарга Ц.Энхтүвшинтэй яриа хэлэлцээ хийж хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх асуудлаар санал солилцон ярилцав.

ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЗӨВЛӨЛИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА ТЭРГҮҮТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧИД “АЮУЛГҮЙ БАЙДЛЫН АСУУДАЛ ХАРИУЦСАН ӨНДӨР, ДЭЭД АЛБАН ТУШААЛТНЫ ОЛОН УЛСЫН VI УУЛЗАЛТ”-Д ОРОЛЦОВ

Аюулгүй байдлын асуудал хариуцсан өндөр, дээд албан тушаалтны олон улсын VI уулзалт 2015 оны 6 дугаар сарын 23-25-ны өдрүүдэд ОХУ-ын Улаан Үд хотод болов. ОХУ-ын Аюулгүй байдлын зөвлөлөөс зохиосон уг уулзалтад 64 орны төлөөлөгчид оролцон экстремизмтэй тэмцэх талаар олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх, цэвэр усны нөөцийг хамгаалах, биологийн аюулгүй байдлыг хангах, олон улсын мэдээллийн аюулгүй байдлын тогтолцоог бүрдүүлэх асуудлаар зөвлөлдөв.

Уулзалтад Монгол Улсын ҮАБЗ-ийн Нарийн бичгийн дарга Ц.Энхтүвшин тэргүүтэй төлөөлөгчид оролцож, ОХУ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн Нарийн бичгийн дарга Н.П.Патрушев, БНХАУ-ын КН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Улс төр, хуулийн хорооны дарга Мөн Зеньжу, БНЭУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны дарга Арвинд Гупта, БНСВУ-ын КН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, НАХЯ-ны сайд Чан Дай Куанг, Израилийн Аюулгүй байдлын зөвлөлийн дэд дарга Эран Лерман нартай уулзан үндэсний аюулгүй байдлын салбар дахь хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцов.

 

ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЗӨВЛӨЛИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Ц.ЭНХТҮВШИН БНХАУ-Д АЙЛЧИЛЛАА

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Нарийн бичгийн дарга  Ц.Энхтүвшин БНХАУ-ын Нийгмийг аюулаас хамгаалахын сайд Гуо Шөнкуний урилгаар 2015 оны 5 дугаар сарын 11-15-ны өдрүүдэд БНХАУ-д албан ёсны айлчлал хийв.

Айлчлалын эхний өдөр Ц.Энхтүвшин дарга БНХАУ-ын Нийгмийг аюулаас хамгаалахын сайд Гуо Шөнкуньтай уулзалт хийв. Хоёр талын хууль сахиулах гол байгууллагуудын төлөөлөл оролцсон уг уулзалтын үеэр талууд салбар, чиглэл тус бүрийн хамтын ажиллагааны асуудлыг дэлгэрэнгүй ярилцав.

Ц.Энхтүвшин дарга 11-ний өдөр Хятадын коммунист намын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Улс төр, хууль зүйн зөвлөлийн нарийн бичгийн дарга Мөн Зеньжутай, 12-ны өдөр БНХАУ-ын Улсыг аюулаас хамгаалахын сайд Гөн Хуйчан нартай уулзав.

Ц.Энхтүвшин дарга тэргүүтэй төлөөлөгчид айлчлалын хүрээнд Төвдийн өөртөө засах оронд зочиллоо.