ҮАБ-ын үзэл баримтлал

Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал  нь Үндсэн хуулийн дараа орохуйц чухал ач холбогдолтой тул Зөвлөл нь байгуулагдсан цагаасаа эхлэн Үзэл баримтлалыг боловсруулах ажлыг эхлүүлж анх 1994 онд УИХ-аар батлуулсан юм. Энэ үзэл баримтлал нь түүхэн нэн эгзэгтэй үед үндэсний аюулгүй байдал, үндэсний эрх ашгийг хангах төрийн бодлогын үндсэн зарчим, чиглэлүүдийг зааж өгсөн нь чухал үүрэг гүйцэтгэж, шилжилтийн үеийн бэрхшээлийг даван туулж тусгаар тогтнолоо баталгаажуулах, хөгжлийн суурийг тавихад чухал ач холбогдолтой байсан юм. 

1994 онд батлагдсан Үзэл баримтлал ийнхүү түүхэн нэн чухал үүрэг гүйцэтгэсэн бөгөөд өдгөө манай улсын аюулгүй байдлын гадаад,  дотоод нөхцөл байдал өөрчлөгдөж, үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалыг өнөөгийн нөхцөлд  нийцүүлэн шинэчлэх  шаардлага бий болсон юм. 

Энэ байдлыг үндэслэн 2009 оны 12-р сард Монгол Улсын Ерөнхийлөгчийн захирамжаар ажлын хэсэг байгуулагдан ҮАБЗ-ийн Ажлын алба, төр, олон нийтийн байгууллагууд, иргэд, эрдэмтэн, судлаач, УИХ-ын гишүүдийн өргөн оролцоотойгоор үзэл баримтлалын төслийг боловсруулан батлуулсан юм. 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар шинэчлэгдсэн Үзэл баримтлал нь шинэлэг зарчим, номлол дээр суурилсан, төрийн нэгдмэл бодлогын залгамж холбоо, уламжлалыг хадгалсан, 1994 оны Үзэл баримтлалын органик үргэлжлэл юм. 

Үндэсний аюулгүй байдлын шинэ үзэл баримтлалыг 2010 оны 7-р сарын 15-ны өдөр УИХ баталсан билээ. Энэ Үзэл баримтлал нь үндэсний аюулгүй байдлыг хангах гол чиглэл, арга замыг тодорхойлсон төрийн бодлогын чухал баримт бичиг бөгөөд үүнээс үүдэлтэй аюулгүй байдлын салбар, эрх зүйн орчны өргөн хүрээтэй шинэтгэлийг эхлүүлж байна.  

Үндэсний аюулгүй байдал гэдгийг өмнө нь уламжлалт улс төр, цэрэг, дайны заналхийлэлтэй холбон ойлгож, зөвхөн төр, түүний тусгай байгууллагуудын үүрэг хэмээн үзэж байв. Шинэ нөхцөл байдал нь аюулгүй байдлын тухай ойлголт, цар хүрээ, хангах арга замыг өргөтгөж, шинэчилсэн үзэл баримтлал нь хүн төвтэй, цогц, мэдлэгт суурилсан гэсэн суурь зарчмаар өөрчлөгдсөн.

Аюулгүй байдалд хандах хандлага, шийдвэрлэх арга замуудыг шинээр томьёолж оршин тогтнохуйн аюулгүй байдал, эдийн засгийн аюулгүй байдал, дотоод аюулгүй байдал, хүний аюулгүй байдал, хүрээлэн буй орчны аюулгүй байдал, мэдээллийн аюулгүй байдал гэсэн зургаан чиглэлээр цогц, консайленс хэлбэрээр харилцан уялдаатай хангах, нийгэм, иргэдийн хамтын хүчээр хангах зарчим дээр тулгуурлах шаардлагатай болсон. Иймд төр үндсэн үүргээ гүйцэтгэхдээ иргэдтэйгээ хамтрах, санал, бодлыг нь сонсох, тэднийг шийдвэр гаргах, хяналт тавихад оролцох  боломжоор хангах арга хэмжээг авна.  

Хувь хүний аюулгүй, амгалан, эрүүл, хангалуун амьдрал нь нийгмийн тогтвортой байдал, хөгжил дэвшлийн сурвалж болж, энэ нь цаашлаад төр, улс, үндэсний аюулгүй байдлыг хангана. Мөн төр, нийгэм нь аюулгүй байж иргэнийхээ аюулгүй байдлыг хангана гэсэн хүн төвтэй аюулгүй байдлын үзэл. Тиймээс хүний амар амгалан, аюулгүй, эрүүл, хангалуун амьдрах, түүний хөгжих, хөдөлмөрлөх нөхцөл бүрдсэн, орлого, хүрээлэх орчин, хүнс нь аюулгүй байх цогц, бодитой, оновчтой шийдлийг тусгасан мэдлэгт суурилсан үзэл баримтлал юм.

Үндэсний аюулгүй байдлыг хангах, үндэсний эрх ашиг, үнэт зүйлийг хамгаалах, хэвшүүлэх, улс орны хөгжлийг хангах, эв нэгдэл, нийгмийн оюун санааг төлөвшүүлэхэд чиглэгдсэн тодорхой зорилт, арга хэмжээг тусгаснаар тунхаглалын шинжтэй бус төр, нийгэм, иргэдийн харилцан хамтын ажиллагаагаар, харилцан уялдаатай хангах тодорхой стратеги, чиглэлийг заасан нь чухал ач холбогдолтой боллоо.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН
ТОГТООЛ

2010 оны 07 сарын 15 ны өдөр                      Дугаар 48                    Төрийн ордон, Улаанбаатар хот

Монгол Улсын үндэсний аюулгүй
байдлын үзэл баримтлал
батлах тухай

Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

  1. "Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал"-ыг хавсралтаар баталсугай.
  2. Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын хэвлэлд нийтлэх найруулгыг Төрийн нууцын тухай хуульд нийцүүлэн бэлтгэж төрийн албан ёсны хэвлэлд нийтлэхийг Улсын Их Хурлын Тамгын газар /Ц.Шаравдорж/-т даалгасугай.
  3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын болон гадаад бодлогын үзэл баримтлал, цэргийн номлол батлах, нийтлэх тухай" Улсын Их Хурлын 1994 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 56 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтыг хүчингүй болсонд тооцсугай.

 

                                         МОНГОЛ УЛСЫН
                                         ИХ ХУРЛЫН ДАРГА                                                    Д.ДЭМБЭРЭЛ

 

МОНГОЛ УЛСЫН ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ҮЗЭЛ БАРИМТЛАЛ

НЭГ.НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1.1.Үндэсний аюулгүй байдал

1.1.1.Монгол Улсын үндэсний аюулгүй байдал гэж Монгол Улсын үндэсний  язгуур ашиг сонирхлыг хангах гадаад, дотоод таатай нөхцөл бүрдсэн байхыг хэлнэ.

1.1.2.Монгол Улсын үндэсний язгуур ашиг сонирхолд Монголын ард түмэн, соёл иргэншил оршин тогтнох, Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэр, хил хязгаарын халдашгүй байдал болон бүрэн бүтэн байдал, үндэсний эв нэгдэл, үндсэн хуульт байгууллын аюулгүй байдал, эдийн засгийн бие даасан байдал, экологийн тэнцвэрт хөгжил багтана.

1.1.3.Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нэгдмэл байдлыг хамгаалан бататгах нь үндэсний аюулгүй байдлыг хангах анхдагч нөхцөл мөн.

1.1.4.Хүний эрх, эрх чөлөө, хууль дээдлэх зарчим, парламентын засаглалд суурилсан, нийгмийн тогтвортой байдлыг хангасан ардчилсан төрийн тогтолцоо нь үндэсний аюулгүй байдлыг хангах баталгаа мөн.

 1.1.5.Монгол Улсын төр, нийгэм, иргэний аюулгүй байдал харилцан уялдаатай хангагдсанаар Монгол Улсын үндэсний аюулгүй байдал баталгаажна.

1.1.6.Үндэсний түүх, хэл, соёл, өв уламжлал, зан заншлаа хадгалж, хамгаалж хөгжүүлэх нь монгол үндэстний оршин тогтнохын үндэс, амин чухал дархлаа мөн.

1.2.Үндэсний аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааны зарчим

1.2.1.Эх оронч үндэсний үзлийг дээдлэх 

Монгол Улсын иргэн бүрийн үндэсний үнэт зүйлээрээ бахархагч, тэдгээрийг хайрлан хамгаалагч, тээн хөгжүүлэгч байх эх оронч үндэсний үзэл, улс, үндэснийхээ ирээдүйн сайн сайхны төлөө хувь нэмрээ оруулахыг эрмэлзсэн идэвхтэй үйл ажиллагаа нь үндэсний аюулгүй байдлыг хангах бодлого, үйл ажиллагааны эх үндэс болно. 

1.2.2.Төр, иргэний хамтын ажиллагаа

Үндэсний аюулгүй байдлыг хангах нь төрийн анхдагч үүрэг мөн. Иргэдээ аюулгүй байдлын асуудлаар өргөн мэдээлэл, мэдлэгтэй байх, аюулгүй байдлыг хангах үйл хэрэгт хувь нэмрээ оруулах боломжоор хангах, хамтран ажиллахад төр онцгой анхаарна. 

1.2.3.Аюулгүй байдлын бодлого цогц байх

Монгол Улсын “оршин тогтнохуйн аюулгүй байдал”, “эдийн засгийн аюулгүй байдал”, “дотоод аюулгүй байдал”, “хүний аюулгүй байдал”, “хүрээлэн байгаа орчны аюулгүй байдал”, “мэдээллийн аюулгүй байдал” харилцан уялдаатай хангагдсанаар үндэсний аюулгүй байдал баталгаажна. 

1.2.4.Мэдлэгт суурилах

Аюулгүй байдалд хандах хандлага, түүнийг хангах үйл ажиллагаа нь мэдлэг, мэдээлэл, дүн шинжилгээнд суурилна.

1.2.5.Бодитой хандах 

Болзошгүй аюул, сорилтыг бодитой тодорхойлж, тэдгээрийг гэтлэн давахад хязгаарлагдмал нөөц, боломжийг үр дүнтэй дайчилна.

1.2.6.Даяаршлын хүчин зүйлийг харгалзах

Даяаршил улс үндэстний бусдаас хамаарах эмзэг байдлыг нэмэгдүүлж, нөгөө талаас гадаад нөөц боломжийг ашиглан үндэсний ашиг сонирхлоо хамгаалж бататгах боломж олгож байна. 

...

Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалыг татаж авах:

AttachmentSize
National Security Concept of Mongolia MN.pdf206.3 KB
National Security Concept of Mongolia RU.pdf361.54 KB
National Security Concept of Mongolia CN.pdf755.75 KB
National Security Concept of Mongolia EN.pdf274.17 KB