Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын алба

Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хуулинд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нь туслах явдал ажлын албаны үндсэн үүрэг мөн. ҮАБЗ-ийн төсвийн ерөнхий менежер, Ажлын албаны даргаар Б.Хурц томилогдон ажиллаж байна.

Зөвлөлийн ажлын албаны үүрэг, эрх
Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хуулинд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нь туслах явдал Зөвлөлийн ажлын албаны үндсэн үүрэг мөн.

Зөвлөлийн ажлын алба нь үйл ажиллагаагаа төрийн байгууллагуудаас хэрэгжүүлж байгаа үндэсний аюулгүй байдлыг хангах бодлого, үйл ажиллагааг Зөвлөлөөс уялдуулан зохицуулах, энэхүү зохицуулалт хэрхэн хангагдаж байгаад Зөвлөлөөс хяналт тавих ажлыг зохион байгуулахад чиглүүлнэ.

Зөвлөлийн тэргүүн, гишүүдийн ажлын хэрэгцээнд зориулсан үндэсний аюулгүй байдлын холбогдолтой мэдээлэл бэлтгэнэ.

Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын биелэлтэд хяналт тавьж, цаашид хэрэгжүүлэх талаар санал боловсруулна.

Зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэх асуудлын жилийн төлөвлөгөөг боловсруулж, хуралдаанд бэлтгэх, хуралдааныг зохион байгуулах, хуралдааны тэмдэглэл хөтлөх, хуралдааны хамгаалалтыг зохион байгуулна.

Зөвлөлийн шийдвэр, баримт бичгийг холбогдох байгууллагад танилцуулах, хүргүүлэх, зөвлөлийн шийдвэрийн биелэлтийг гаргуулан, гүйцэтгэлд хяналт тавина.

Зөвлөлөөс төрийн байгууллагуудтай харилцах ажлыг зохион байгуулж, Зөвлөлийн нэр дээр ирсэн мэдээлэл, санал, хүсэлтийг нэгтгэн судалж, удирдлагад танилцуулж, хянан шийдвэрлүүлнэ.

Зөвлөлийн ажлын хэсэг байгуулж ажиллуулахад тусалж, Зөвлөлийн зөвлөх, шинжээч нарыг мэдээллээр хангах ажлыг гүйцэтгэнэ.

Хуралдааны болон Зөвлөлийн ажлын хэсэг ажиллах техник, зохион байгуулалтын бэлтгэлийг хангаж, хуралдааны танхим, техник хэрэгслийг бэлэн байлгана.

Зөвлөлийн архив, мэдээллийн санг бүрдүүлж, Зөвлөлийн бичиг хэргийг хөтлөн явуулна.

Илтгэгчийн илтгэл, шийдвэрийн төслийн талаар санал, дүгнэлт гаргана.
Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын биелэлтийн явцын талаар дүгнэлт гаргана.

Зөвлөлийн бүрэн эрхийг хэрэгжүүлэхэд шаардлагатай тоо баримт, мэдээ, мэдээлэл, судалгаа, баримтыг төрийн болон төрийн бус байгууллага, албан тушаалтнаас гаргуулан авна.

Үндэсний аюулгүй байдлын асуудалтай холбоотой судалгаа, шинжилгээний төслийг шинжлэх ухаан, технологийн сан болон бусад эх үүсвэрээс санхүүжүүлэхээр захиална.

Зөвлөлийн чиг үүрэг, бүрэн эрх хэмжээний асуудлаар судалгаа хийх, асуудал боловсруулахад зохих мэргэжлийн хүмүүсийг татан оролцуулна.