МЭДЭГДЭЛ

2023.08.30

МЭДЭгдэл

logo.png 

МОНГОЛ УЛСЫН ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН 
ЗӨВЛӨЛИЙН АЖЛЫН АЛБА

 

      2023 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн өглөөнөөс эхлэн “Монгол Улсын урд хил орчимд байрлах хилийн цэргийн анги, салбарыг нутгийн гүн рүү шилжүүлсэн, улсын хилийн зурвас газраас хөрш зэргэлдээ улсад шилжүүлсэн” гэх илт худал, үндэсний аюулгүй байдалд хортойгоор нөлөөлж болзошгүй мэдээллийг хэн нэгэн хүн, бүлэг этгээд олон нийтийн сүлжээнд байршуулж, түгээсэн байна.

      БНМАУ, БНХАУ-ын хооронд 1962 онд хилийн гэрээ байгуулж, 1962-1964 онд улсын хилийг газар дээр нь тогтоон тэмдэгжүүлж, 1975 онд Нэгдсэн Үндэсний Байгууллагад бүртгүүлсэн тул улсын хилийн бүрэн бүтэн байдал нь дотоодын хууль тогтоомж болон олон улсын гэрээгээр бүрэн хамгаалагдсан байдаг.

      Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Тэргүүний нэр хүндэд халдсан, үндэсний эв нэгдлийг зориуд хагалган бутаргах санаа зорилго бүхий, найрамдалт хөрш хоёр орны харилцаанд сэв суулгаж болзошгүй илт худал, хортой мэдээллийг зориуд зохион байгуулалттайгаар бэлтгэсэн, олон нийтийн нийгмийн сүлжээнд түгээсэн хүн, бүлэг этгээдийг олж тогтоох, үндэсний аюулгүй байдалд харшлах үйлдлийг таслан зогсоох зорилгоор хууль хяналтын байгууллагаас холбогдох шалгалтын ажиллагааг хийж байна.

      Иймд нийт ард иргэдэд Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн, ард иргэдийг үндэсний аюулгүй байдлын эсрэг ноцтой гэмт хэрэгт өдөөн тухирсан агуулга бүхий, зохион байгуулалттайгаар түгээж байгаа илт худал, хортой мэдээ, мэдээлэлд автахгүй байх, үнэн зөв эсэхийг ялган таних, албан ёсны эх сурвалжаас хүргэсэн мэдээ, мэдээллийг ашиглаж байхыг зөвлөж, сэрэмжлүүлж байна.