Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Төрийн зөвлөлийн гишүүн, Нийгмийг аюулаас хамгаалахын сайд Мэн Зяньжу Монгол Улсад албан ёсны айлчлал хийв

2012.01.13

БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн гишүүн, Нийгмийг аюулаас хамгаалахын сайд Мэн Зяньжу Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Ц.Энхтүвшингийн урилгаар 2011 оны 7 дугаар сарын 6-8-нд  Монголд албан ёсны айлчлал хийнэ. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Төрийн зөвлөлийн Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Ван Юнчин, Нийгмийг аюулаас хамгаалахын дэд сайд Чэн Жиминь, Аюулгүй байдлын дэд сайд Жоу Чин, ӨМӨЗО-ны Ардын Засгийн газрын дэд дарга Жао Липин, Гадаад хэргийн дэд сайд Лю Жэньминь нар орно.

Айлчлалын явцад Мэн Зяньжу сайд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд С.Батболд нарт бараалхаж, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Ц.Энхтүвшинтэй хоёр улсын хооронд стратегийн түншлэлийн харилцааг дотоод, гадаад аюулгүй байдлын агуулгаар баяжуулан хөгжүүлэх өргөн хүрээтэй асуудлуудаар ажил хэрэгч яриа хэлэлцээ хийнэ.

Айлчлалын үеэр Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хооронд Гэмт хэрэгтэй тэмцэхэд хамтран ажиллах тухай хэлэлцээр байгуулна. БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Цагдаагийн ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газарт нэг тэрбум орчим төгрөгийн техникийн тусламж үзүүлэх тухай ноот бичиг солилцоно.